Хүмүүн заяа хүсэл 2-тоо туугдаад...

Friday, September 30, 2016

Амьдрал бол ойлголцол буюу ойлголцох юм.

Амьдралын зорилго юу вэ, дэлхий дээр хүн яах гэж ирсэн бэ гэж асуух нь хүн бүрийн байнгын асуулт гэлтэй. Бүр амьдралын утга учир юу вэ гээд л энэ асуулт үргэлжилнэ.

Олон жил бодож, жаал уншсаны дүнд, монголоор "Амьдрал, амьдралын зорилго бол ойлголцол буюу ойлголцох юм" юм гэсэн дүгнэлтэд (философийн гэчихвэл жинхэнэ философичид буруутгах л байх) хүрэв.

Ойлголцол гэж юу вэ? Би яагаад ойлголцохыг зорилгоо гэж үзэх гээд байна вэ?

Ойлголцох гэдгийг өөрийнхөөрөө тайлбарлавал амьд ч бай, амьгүй бай, биет ч бай биегүй ч бай аливаа зүйлийг харилцан мэдэрч, төсөөлж, түүнийг хариу ойлгож, түүнтэй харилцах юм.

Дээрхийг тайлбарлахын тулд эхлээд амьдралын эцсийн мөчөө төсөөлөөд үзье. Хүнд сайхан амьдарсан эсэхээ дүгнэх сүүлчийн хоромыг өгвөл харамсах зүйлгүй, сайхан амьдарлаа гэдгээ хэрхэн дүгнэх вэ? Үүнд хүн бүр өөр өөрийн хэмжээнд буюу амьдралыг ойлгосон, амьдралтай ойлголцсон хязгаартаа би сайхан амьдарсан, ойлголцоогүй хүн, юмсын талаар ингэж л чадсангүй гэхдээ би ингэж сайхан амьдарсан гэж өөртөө шивнэх биз.

Дахин нэг энгийн жишээ авах гээд үзье, автомашин бариад гудамжаар явж байхдаа жолооч  нь зам, замын хажуу, тухайн орчин, цаг агаар, хөдөлгөөнд оролцогчид гэх мэт бүхий л зүйлийг зөвхөн өөрийн сууж байгаа байрлалаас биш эдгээр бусад оролцогч биетийн өмнөөс төсөөлж тэдэнтэй ойлголцсоны эцэст сайн жолооч болж чадахаас зөвхөн хуулийн хүрээнд замын тэмдэглэл, тэмдэг дохиогоор явбал ногоон гэрэл ямагт гэрэлт ирээдүй байдаггүйг санах биз.

Дээрхи энгийн 2 зүйлээс ургуулан бодвоос хүн бүр өөрийн хэмжээнд амьдралтай, амьдралд таарч буй биет зүйлс, амьд биестэй ойлголцдог. Хэдий их тухайн зүйлтэй сайн ойлголцоно, түүндээ шунан дурлана (яг л хүнд, ажил мэргэжилдээ хайртай болдог шиг), хэдий их нийгмийн амьдралыг ойлгож, хариу үйлдэл үзүүлнэ төдий тэр амьдрал дотор сайхан амьдарна (өнөөгийн амьдралыг муухай байна л гэдэг ч түүнийг муухай бишээр бодитоор нь харж ойлгосон хүмүүс ойлгосон хэрээрээ өөртөө сайхан л амьдарч байгаа), хэдий хүний мөн чанарыг ойлгож ойлголцож чадна төдий өөрийн амьдралаа бахдан шүтэж дуусна (ядуу амьдарсан ч амьдралдаа хангалуун жаргалтай хүмүүс олон байдгийг сана), хэдий амьдралын мөн чанарыг ойлгож ойлголцож чадна төдий гэгээрч бусдыг гэгээрүүлж чадна (бурханлаг амьдралыг дотооддоо бий болгож гаднаа тархааж чадвал ингэх биз).


Эндээс тунгаавал өөрийн хамгийн сайн ойлголцож чадаж байгаа зүйлээ л зорилгоо болговол амьдралын зорилго тодорхой болох мэт. Эсвэл эсрэгээр нь буюу зорилгоо эхлэж тодорхойлоод түүнийгээ сайн ойлгож ойлголцох гээд зүтгэхэд л амьдрал сайхан жаргах биш үү.


Жар хүрч ухаан сууж жаран нэг хүрч үхдэг гэх мэтээр бид амьдралыг дүгнэдэг. Үнэндээ багаасаа ойлголцоод сурчихвал заавал ухаан суух гэж жар хүрэхээ хүлээх хэрэггүй мэт.

Эцэст нь хэрвээ хүн "ойлголцох" гэж ирээгүй юм бол "Амьдралын зорилго юу вэ, дэлхий дээр хүн яах гэж ирсэн бэ" гэж асуух ямар хэрэг билээ. Энэ талаар бодохгүй байж байгаад л амьдралаа дуусгачихъя л даа, кк



Ойлголцол          - > Ухаарал   ->      Мэдлэг         -> Боловсрол           -> Аз жаргалаа мэдрэх эсвэл
Орчноо мэдрэх   - >  Овсгоо    ->  Арга хэрэгсэл -> Үр ашгаа хүртэх -> Хангалуун амьдрал